
Зуны аагим халуун өдөр эмгэн ач охиноо үүрээд арай гэж хөлөө чирэн майжигнасаар гэртээ ирлээ. Тэрээр орон дээр охиноо суулгаад:
-Ёох, нуруу өвдчихлөө. Чамайг би удахгүй даахаа болих нь дээ гэв.
Тэгээд тороо ухан дэлгүүрээс авсан жаахан мах, сүүгээ гаргаж хөргөгчид хийв.
-Эмээ, миний авсан чихрийг өг л дөө гэж охин хэлэхэд эмгэн өврөө уудлан гял цал ууттай үрлэн чихэр гарган охинд өгөөд:
-Дандаа ийм хачин хог авч байх юм гэж уурсав.
-Энэ чинь хог биш ээ. Ёстой гоё амттай гэж охин өгүүлээд хэдийг атгандаа асгаад:
-Май, идээд үз гээд эмээ өөд сарвайлаа. Эмгэн чихрийг авч амандаа хийн бувар бувар зажлав.
-Эмээ наад чихрийг чинь нэг нэгээр нь хүлхэж иддэг юм аа. Улааныг нь хүлхвэл хэл чинь улаан өнгөтэй болно гэж охин амаа даран шоолон хөхрөв.

Created & published on StoryJumper™ ©2026 StoryJumper, Inc.
All rights reserved. Sources: storyjumper.com/attribution
Preview audio:
storyj.mp/avvt8khpiin
-Эмэгтэй юм гэсэндээ аальгүйтэж байгааг нь. Амаа дарж инээгээд. Хэнээсээ сураа вэ, дамшиг чинь гэж эмгэн аашилснаа:
-Амт нь ч зүгээр, үнэ ч хямд юм. Цагаан сараар орж ирсэн хүүхдүүдийн гар дээр тавихад болох эд байна гэж бувтналаа. Тэгснээ орон дороос бандгар шилтэй сүүлний тос гаргаж ирээд:
-Алив өмдөө тайл. Эмээ нь хөлийг нь тосолъё гэв. Эмгэн сүүлний тосноос хуруугаараа хутган алган дээрээ нялж тараагаад охины хөлөнд түрхэж зөөлөн илэв. Үе үе хөлнөөс нь үрчгэр гараараа шувтран татахад охин:
-Өвдөөд байна шүү дээ, эмээ гэж орилов.
-Битгий баашлаад бай. Дээр хөл чинь тэнийгээд болоод байсан. Битгий хөлөө атий гэм.
-Хааяа тэнийгээд байгаа юм гэж охин зөрүүдлэв.
Гэнэт утас хангинахад эмгэн бондгосхийн цочлоо. Утсаа аван дугаарыг нь харах гэж нүдээ дэмий жартайлгаснаа мойног хуруугаараа товчлуур дээр болгоомжтой дараад чихэндээ сайн гэгч нааж:
-Байна уу, хэн бэ? гэв.
-Сайн уу, ээж ээ? Хүү нь байна аа.
2
-Сайн л байна. За биесүүд сайн, ажил тохьтой юу?
-Сайн, сайн. Охиныхоо эмчилгээний зардлыг сая нэг бүтээлээ. Энд бас эмнэлэгтэй яриад тохирчихлоо. Маргааш би Монгол руу буцна. Эхнэр энд үлдэнэ. Тэгээд хэд хоногоос охиноо аваад Солонгос явна.
-Болж дээ. Муу охин минь хөлд орж байвал аштай юу даа.
-Маргааш уулзаж байгаад тухтай ярья. Охиныг маань үнсээрэй. Аав нь маргааш ирнэ гэж хэлээрэй. Баяртай, ээж.
-Хэлэмз, хэлэмз. Ингэхэд хөөе, наана чинь манай хамар хашааны Дулмаа чавганцын охин ажилладаг гэсэн. Тааралдав уу? Эх нь сураглаад өг гээд ээ.
Эмгэн хэсэг чимээгүй чагнаснаа:
-Байна уу? Айн, сонсдохгүй байна аа. Чанга ярь гэж ориллоо.
-Эмээ, утас чинь тасарчихсан юм биш үү? Ганцаараа яриад гэж
охиныг хэлэхэд эмгэн сая утсаа чихэн дээрээсээ аван харснаа авдар дээр тавиад:
-Таван үг ч олигтой сольчихгүй дандаа яаруу сандруу ярьж байх юм гэж гоморхов.
3
Тэгээд орон дээр шомбойтол суух охин өөдөө харж:
-Аав чинь маргааш ирнэ гэнэ. Чамайг Солонгос руу авч явах юм байх. Тэнд чи ээжтэйгээ уулзаад хөлөө эмчлүүлнэ. Солонгос гэж ямархуу газар орон байдаг юм бол доо? Өглөө явсан улс өдөр нь оччихсон байхыг бодоход их л ойр юм шиг байгаа юм. Хэрэв би очвол ч Дулмаа чавганцын охиныг чирээд ирнэ л дээ гэлээ.
Охин хуруугаараа оролдон сууснаа гэмшингүй дуугаар:
-Гэхдээ би аав, ээж хоёрынхоо царайг санадаггүй ээ гэж бувтнав.
-Саналгүй яадаг юм. Би чамд байнга зургийг нь үзүүлдэг биз дээ?
-Тэглээ ч гэсэн ямар хүн байдаг билээ гээд бодохоор юу ч санагдахгүй юм.
-Аав, ээж хоёртойгоо уулзаад удахгүй дасчихна, миний охин.
Ингэж хэлээд эмгэн дөрвөн жилийн өмнөх тэр өдрийг дурслаа.
Хүү нь охиноо тэвэрсээр эхнэрийн хамт ирээд:
-Охиноо эмчлүүлэх гэж хашаа байшин, унаа тэргээ бүгдийг нь зарлаа. Юу ч үлдсэнгүй гэж толгой гудайлгав. Эмгэн аавынхаа энгэрт нойрсох туниа муутай охиныг уруул цорвойлгон эвийлж сууснаа ганц ачаасаа харамлалтай биш гэж сэтгээд:
-Болохгүй бол миний тэтгэврийг урьдчилаад авбал авахгүй юу даа гэлээ.
4
-Аваад эмчилгээний зардалд хаана нь ч хүрэхгүй. Бид хоёр Солонгос явж ажил хийдэг юм билүү гэж бодох юм. Охин маань л хэцүү байна гээд санаа алдав.
-Надад үлдээчих ээ. Би та нарыг иртэл өсгөөд өгье гэж эмгэн хэлэв.
Шөрмөс нь татсанаас хөл нь тэнийхээ больж, булчин нь хатангиршиж борви нь бөгсөндөө наалдсан бяцхан охинтой ингэж л эмгэн үлджээ.
-Ишш чааваас. Анх ирчихээд миний муу үлбэгэр мөөмийг бариад унтдагсан. Гэтэл одоо ийм том болчих гэж. Яаж ингэж хүн болсныг аав, ээж хоёр чинь хараагүй нь тоогүй гэж эмгэн харамслаа.
Эмгэнтэй хамт байсаар охин хэвлүүхэн яриатай, элдэв ааш авиргүй, ихэд хэрсүү болон өсчээ. Эмгэнтэй том хүн шиг л ярих ажээ.
-Аавыг чинь ирэхэд хоёулаа пөөнийчихсөн амьтас сууж байж болохгүй гэж эмгэн өгүүлээд жаазны араар гараа шургуулан оосортой түлхүүр гаргаж ирэн тар няр дуугаргасаар цоожийг мултлан хоймор байх бор авдраа онгойлголоо. Охин авдар өөд өлийн харснаа:
-Эмээгийн авдранд гоё юм байдаг, тээ гэв.
5
-Юу л байв гэж. Байсныг нь чи хуурайлчихдаг биз дээ гэж эмгэн ширүүлэх аядсанаа хайрцагтай жигнэмэг гаргаж ирээд охинд “Май, өөр байхгүй шүү” гээд өглөө.
Эмгэн авдраа ухаж сууснаа хос ягаан өмд, цамц гаргаж ирээд охин руу аяархан чулуудаад:
-Шинэ хувцас өмсөнө өө гэлээ. Охин өмд, цамцыг барилж үзсэнээ:
-Та надад хэзээ энэ хувцсыг авсан юм бэ? гэлээ.
-Түрүү жил ээ. Зориуд жаахан хэлхгэрдүүг авсан. Одоо бараг таарах биз.
-Миний хөлийг тосолчихсон байгаа шүү дээ. Өмсчихвөл таньтай адилхан үнэртэй болчихно.
-Надаас юу үнэртдэг юм? Тос л үнэртэж байгаа биз.
-Үгүй ээ, боорцог үнэртдэг.
6
Охиныг хувцсаа өмсөж байх зуур эмгэн сүүлийн хориод жил гоёж буй ягаан үйтэн дээлээ гаргаж ирэн сэгсрээд буцаан эвхэн орны толгой дээр тавьлаа. Үүнийг харсан охин хөөрч:
-Хоёулаа адилхан ягаан хувцастай гээд хөхөрлөө.
-Хүү минь аальгүй ихэдвэл хамаргүй гэдэг юм шүү.
-Хүү гэчихлээ. Би охин шүү дээ, эмээ гээд дахиад цангинатал хөхрөв.
-Өглөө хоёулаа эрт босч хуушуур хайрна шүү. Солонгосд хүмүүс их л хүнд ажил хийдэг юм гэсэн. Аав чинь ядарч ирэх байлгүй гэж эмгэн хэлээд хөргөгч онгойлгон түрүүнийхээ авчирсан махыг гаргаж ирэн татахаар гамбанз дээр тавьлаа.
Өглөө эмгэн эртээ босоод охиныг унтаж байх зуур хуушуур чимхжээ. Тэгээд гал асаах гэж зуухны өмнө бөгтөгнөн сууж баахан утаа май тавьчихав.
Охин сэрснээ нүдээ нухлан өндийгөөд:
-Пээ, эмээ. Дахиад бөөн утаа. Модоо жижиглээд асаагаач ээ гэж шулагналаа.
7
Benefits:
- Full access to our public library
- Save favorite books
- Interact with authors
READ

storyjumper.com
- < BEGINNING
- END >
-
DOWNLOAD
-
LIKE(2)
-
COMMENT()
-
SHARE
-
SAVE
BUY THIS BOOK (from $2.99+)
-
BUY THIS BOOK
(from $2.99+) -
BUY THIS BOOK
(from $2.99+) - DOWNLOAD
- LIKE (2)
- COMMENT ()
- SHARE
- SAVE
- Report
Liked By
X
Encourage this author
-
BUY
-
LIKE(2)
-
COMMENT()
-
SHARE
Problem with this book
X
- Excessive Violence
- Harassment
- Offensive Pictures
- Spelling & Grammar Errors
- Unfinished
- Other Problem
Which pages have problems?
Please describe the problem:
left text
right text
"ЭМЭЭ /өгүүллэг/"
-Эмэгтэй юм гэсэндээ аальгүйтэж байгааг нь. Амаа дарж инээгээд. Хэнээсээ сураа вэ, дамшиг чинь гэж эмгэн аашилснаа: -Амт нь ч зүгээр, үнэ ч хямд юм. Цагаан ...
(12 pages)
Privacy level:
PUBLIC
21 reads
2 fans
Report

COMMENTS
Click 'X' to report any negative comments. Thanks!